Ажиглалтын мэдээ > Голын усны тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2021-07-02 15:45:46

Хэвлэх

Гол мөрөн, нуурын усны горимын тойм 2021-07-02

  1. Хойт мөсөн далайн ай савын гол, мөрөн

         Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш хоногт 5-55 см нэмэгдэж, Бэлтэс, Үүр гол 6 дугаар сарын 23,24,29-ний өдрүүдэд үерийн түвшинг 15-30 см даван үерлэсэн байна. Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшинг 2020 оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 10-60 см ахиу харин Эг, Бүгсий гол олон жилийн дунджаас 5-25 см бага байна.  Хөвсгөл нуурын усны түвшин арав хоногийн турш аажим нэмэгдсэн хандлагатай байлаа.  

Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир, Урдтамир гол болон Өгий, Тэрхийн цагаан нуурын усны түвшин 6 дугаар сарын сүүлийн арав хоногт харьцангуй хэлбэлзэл багатай өнжсөн ба арав хоногийн дундаж утгаараа олон жилийн дунджаас 25-90 см бага харин өнгөрсөн оны мөн үеийнхээс 10-35 см ахиу түвшинд байна.

Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Тэрэлж, Туул, Сөгнөгөр, Сэлбэ, Улиастай, Шивэрт зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим буурсан ерөнхий хандлагатай байсан хэдий ч Хараа, Ерөө, Туул гол Лүн сум орчимд үерийн түвшинг давсан хэвээр байлаа. Хэнтий нурууны баруун хажуугийн голуудын арав хоногийн дундаж түвшинг өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 25-105 см ахиу байна.

 Сэлэнгэ мөрний дагууд усны түвшин өмнөх арав хоногийн дундуур хоногт 5-35 см нэмэгдээд эргэн буурсан явцтай байсан ба арав хоногийн дундаж утгаараа олон жилийн дундаж болон 2020 оны мөн үеийнхээс 30-155 см ахиу байв. Харин Орхон голын хувьд усны түвшин арав хоногийн турш хоногт 5 см орчим буурсан ба арав хоногийн дундаж утгаараа өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 25-145 ахиу байгаа бол Орхон голын эхээр олон жилийн дунджаас 5-15 см бага түвшинд байна.  

   2.Номхон далайн ай савын гол, мөрөн

   Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Улз болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим нэмэгдсэн хандлагатай байсан ба арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 25-85 см ахиу харин Хурх, Барх, Эг, Балж болон Хэрлэн голын эхээр өмнөх оны мөн үеийнхээс 10-50 см бага байна.  Ус судлалын Онон-Дадал, Хэрлэн-Мөнгөнморьт, Хэрлэн-Чойбалсан, Халх-Баянхошуу харуул орчимд арав хоногийн турш үерийн болон үерийн аюултай түвшинг давсан хэвээр элбэг устай байсан байна.

3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав           

            Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Булган, Сагсай, Турган, Харбут, Чигэртэй, Дундцэнхэр, Чонохарайх, Төгрөг, Долооннуур зэрэг голууд болон Хар ус нуурын усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим буурсан явцтай ба арав хоногийн дундаж утгаараа олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-50 см бага харин Ховд голын хувьд 20-45 см их байна. Ховд гол Мянгад сум орчимд үерийн түвшинг даван үерлэсэн хэвээр байлаа.

Хангай нурууны өврөөс эхтэй Богд, Чигэстэй, Буянт, Хүнгүй, Яруу, Хожуул, Тээл, Завхан, Зүйл, Шарга, Түй, Заг, Байдраг, Шаргалжуут, Цагаантуруут, Шар ус, Онги, Зэгстэй, Таац зэрэг голын усны түвшин өнгөрсөн арав хоногийн турш хоногийн түвшний өөрчлөлтгүй шахам байсан ба арав хоногийн дундаж утгаараа олон жилийн дунджаас 10-65 см бага харин 2020 оны мөн үеийнхээс  5-15 см ахиу байна.

Увс нуурын савын Чигж, Хархираа, Баруунтуруун, Түргэн, Тэс, Намир, Хангилцаг, Хариг зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим буурсан хандлагатай ба арав хоногийн дундаж түвшинг өмнөх оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 5-45 см ахиу түвшинд байна.

Зургаадугаар сарын гуравдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас ахиу байгаа бол хур бороо элбэгтэй байгаа Хөвсгөлийн уулсаас эхтэй зарим голуудын усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшлээс хамааран огцом нэмэгдэж, үерийн түвшинг даван үерлэсэн байна.  

Гадаргын усны судалгааны хэлтэс

                                                            2021-07-02

 

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/08/05

2 цаг

10 50
O
CF
Утаа

0 м/с

ӨНӨӨДӨР - 2021/08/04

20 68
O
CF
Үүлшинэ

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store